Монгол бөхөн (Saiga borealis)
ДБХХ-ны Улаан дансанд дэлхий дахины судалгаагаар нэн ховордсон устаж болзошгүй амьтны аймагт багтсан бөгөөд Монгол орны хэмжээнд мөхөх өндөр магадлалтай амьтны тоонд багтсан. Бөхөн тархан амьдардаг дэлхийн бүх улс орны Засаг захиргаа, шинжлэх ухааны хүрээлэнгүүд, олон улсын байгууллагууд, төрийн ба төрийн бус байгууллагууд болон төлөөлөгчид оролцсон эрдэм шинжилгээний олон улсын хамтарсан хурал Улаанбаатар хотод 2010 онд болсон бөгөөд Монгол бөхөнг бусад бөхөнөөс тусдаа бие даасан төрөл анги(Saiga borealis) гэж үзсэн. Монгол бөхөн 116 см-ын урт биетэй, зооны өндөр нь 75 см бөгөөд 32 кг хүртэл жин татдаг. Сүүлний урт 25 см, цайвар шаргал зүстэй, хос шорон эвэртэй. Эмэгчин бөхөн нь эвэргүй. Зун улаан шаргал, өвөл цайвар саарал, нялх янзага бор хүрэн зүстэй. Хүзүүгээ урагш сунган, толгойгоо гудайлган бөхийж, цагт 60-70 км хүртэл хурдлан давхидаг. Хорьдугаар зуунд бөхөн нь Увс нуурын хотгороос Улаан нуур, Их нууруудын хонхороос, Нууруудын хөндийн элсэрхэг хээр таран идээшлэж нутагшиж байсан. 1990-ээд оны үеэр нийт тархан байсан газар нутгийнхаа хориод хувьтай тэнцэх хэмжээний үндсэн хоёрхон газар нутагт Монгол Бөхөн суурьшин амьдарч байв. Түүний нэг Шаргын популяци Шаргын говийн умардаас, баруун, хойд талаараа, ойр орчмын уулсын бэлчирээс говийн хотгорын захруу шилжин тархжээ. Хар Ус нуураас өмнө тийш Монгол Алтайн уулсын бэлээр дөрвөн зуу орчим км.кв багахан бэлчирт үлдсэн, мөхөх аюул тулгарсан төрөл. Монгол Алтайн уулсын далайн төвшинөөс дээш 1100-2200 м ар бэлийн баглуур, таана, монгол өвст, шаваг бүхий дагжуур хайрган хөрст, бартаагүй, хэвгий, ээрэм өндөрлөг газарт нутаглана. Өвлийн тас хийм цастай сэрүүн үед, ган гачигтай зун өвсний өег сөр, бэлчээр дагаж уулсын ам хөндий, толгод доор бэлчдэг. Бөхөн Шаргын говиор 3325 км кв, Хүйсийн говиор 6700 км кв, Таван хайрхан, Чандманий тал нутгаар 1173 км кв нутагт тархасан байна. Аль болох сайн идэш ууштай бэлчээрээ сонгон идээшилж ойр ойрхон солиж сэлгэнэ. Хол нүүдэллэхгүй. Шаргын говиор өвөлдөө тавиас доошгүй тоо толгойгоор сүрэглэн амьдрана. Урин дулаан цагаар сүрэг бутран тардаг. Ороо нь нэг сард ордог ба хээлээ таван сар тээгээд зун зургаан сарын дундуур төллөдөг. Эмэгчин нь ихэрлэх магадлал ихтэй бөгөөд арван зургаа хүртэл хувь нь үргэлж ихэрлэдэг. Эмэгчингүүд нь заримдаа долоон сартайдаа хэржин арван есөн сартайдаа үржилд орж эхэлнэ. Говийн хялгана, таана, хөмүүл, баглуур, шарилж зэрэг гучаад төрлийн өвс ургамлаар хооллдог. Хавар өвс ногоо нялх шүүслэг үед бол бараг ус уудаггүй байна. Гельминт 17, хачиг 2 зүйл шимэгчилдэг. Таван хошуу малын өвчин болох омруу өвчинг тусахдаа маш хүнд тусдаг байна. Нялх зулзага, янзага нь хүнд дасан гаршихдаа амархан байдаг бөгөөд өсөн ториноод нас бие хүрээд хэвийн бөхөн шиг үржиж төлждөг. 1993 оны байдлаар, Шаргын популяци 1400, Манханы популяци 70-аад ширхэг байсан . Шаргын говийн 1000 га-д 5.9 толгой ногдох 1980 орчим, Хүйсийн говьд 1000 га-д 1.6 толгой ногдох 1100 орчим, Чандманий талд 1000 га-д 0.8 толгой ногдох160 орчим, нийт 3240 толгой монгол бөхөн байна. 2010-2012 оны хооронд хийсэн Биологийн хүрээлэн, Дэлхийн байгаль хамгаалах сан/WWF/-гийн хөтөлбөрийн газрын хамтарсан судалгаа тооллогын дүнгээр, монгол оронд дунджаар 8000 толгой, 2020 оны байдлаар 12000 толгой монгол бөхөн байна гэж судлан тоолон тогтоожээ.
5653049684
Хар сүүлт зээр (Gazella subgutturosa)
Хар сүүлт нь хөхтөн амьтны аймгийн нэг Туурайтны баг болох тугалмайтны овогт багтана. Уулсын бэлийн хялганат, баглуурт сайр, садрага бүхий дагжуур хөрст хэвгий тал, загт бударгана говь, сондуул бүхий бут сөөгт элсэрхэг говь, хотос хоолой зэрэг янз бүрийн орчинд байршдаг. Монгол Улсад Их нууруудын хотгорын өмнөд хэсэг, нууруудын хөндий, зүүн гарын говь, Алтайн өмнөх говь, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн баруун хэсэг хүртэл тархжээ. Монгол улсад хар сүүлт зээр агнахыг 1965 оноос хуулиар хориглосон.
Эрийг ооно, эмийг шаргачин, төлийг янзага гэнэ. Ооно 110-116 см, шаргачин 93-110 см урт, ооно 23-33 кг, шаргачин 18-20 кг жинтэй байна. Зүс нь элсэн саарал, мөч цайвар бөгс нь сүүлийн угнаас дээш үе хэтрэх цагаан танатай. 1-3 насны өсвөр бодьгалиуд нь хар халзан, нас гүцсэн ооно нь дун цагаан толгойтой болж их бие нь цайвар болдог. Эр нь 3, эм нь 2 наснаас үржилд ордог. Ороо хөөцөө нь 12 сарын 20-доос 1 сарын 10 хүртэл үргэлжилнэ. Нас гүйцсэн шаргачингийн 60 хувь нь ихэрлэж байгаа нь хээрийн судалгаагаар ажиглагдсан. Цаг хүндэрсэн үед байгалийн эрсдэлд өртөмтгий. Хүн, малын нөлөөнд хэт автагдаагүй нөхцөлд цагаан зээртэй адил улирлын нүүдэл хийж, шилжилт хийдэггүй, хонд үүсгэн бүлээрээ хэвтдэг ямаатай адил бүлэрхүү амьтан.
Хар сүүлт зээр нь нэг газар удаан амьдардаггүй, бэлчээрийн соргогийг даган хэдэн арван км аялал хийдэг. Сонсгол нь маш сайн, их хурдан, цагт 55-62 км туулж чадна. Гол дайсан нь чоно. Сүү нь 3,9 хувийн тослогтой. Янзага нь хоёр долоон хоногийн дараа эхийгээ дагаж, 10-8 хоногийн дараа өвс ногоо идэж чаддаг байна.
Амт чанар сайтай мах, арьсыг хулгайгаар агнаж ашигладаг. Түүнчлэн ус бага хэрэглэдэг боловч малын тоо толгойноос шалтгаалан баян бүрд задгай усны өрсөлдөөн бий болж, бэлчээрийн хомсдолд орсноос болж ховорджээ. Амьтны аймгийн тухай хуулийн дагуу Монгол Улсын ЗГ-ын 2001 оны 264-р тогтоолоор ховор амьтны зэрэглэл, хөхтөн амьтны Улаан дансанд тус тус бүртгэгдсэн. Хар сүүлтийн тархац нутгийн 15 орчим хувь нь улсын тусгай хамгаалалтад хамрагджээ. Ан агнуурын тухай хуулиар хар сүүлт зээрийн ооныг жил бүрийн 11-р сарын 1-нээс дараа оны 8-сарын 31 хүртэл агнах, судалгаа шинжилгээнээс бусад тусгай зориулалтаар хар сүүлт зээрийг жил бүрийн 10-р сарын 15 аас дараа оны 7-р сарын 15 хүртэл амьдаар нь барихыг хориглосон. БОАЖЯ-наас санаачлан 2010 онд хийсэн нөөцийн үнэлгээгээр хар сүүлт зээр улсын хэмжээнд 25000 орчим байна.
Мазаалай (Ursus arctos gobiensis)
Монголын говь цөлөөр тархсан хүрэн баавгайн дэд зүйл. Монголын улаан номд орсон. Ерөнхий төрх ойн хүрэн баавгайтай адил боловч биеэр бага. Цагаан богд уулын шармаахайн биеийн урт 168 см, сэрвээний өндөр 92 см, жин 90 кг байжээ.Мазаалайн биеийн дундаж жин 90-100 килограмм, биеийн урт нь 150 сантиметр орчим, өндөр нь 80-92 сантиметр. Зуны зүс жигд хүрэн бор, өвөл, хавар хүрэвтэр, бор саарал. Хүзүү, хөл их биеэсээ бараавтар. Хэнхдэг, хүзүүний угт цагаан цайвар толботой. Хөнгөн шалмаг хөдөлгөөнтэй. Нас бие гүйцсэн эр мазаалайг шармаахай, эмийг нь эвш гэдэг аж. Эвш нь жил өнжин төллөж гол төлөв ихэр алманцаг төрүүлнэ. Хэнхдэг болон хүзүүнийхээ угт цайвар толботой. Өвлийн 11 дүгээр сараас дараа оны 3 сар хүртэл агуй, хонгил, хулсан ширэнгэ, сухайн төгөл доогуур нүх хэвтэр засч ичнэ. Олон жилийн судалгааны дүнд гол нутагшил нь Алтайн өврийн Аж Богд, Тост, Нэмэх дуул, Ээж хайрхан, Захуй, Зармангийн Баян бүрд, Эдрэнгийн нуруу, Цагаан богд, ба Сэгс цагаан богд гэж тогтоожээ. Улаан ном дахь мазаалайн тоог харвал 1960-аад онд 15-20 толгой, 1970-д онд 20 гаруй, 1980-д оны эхээр 25-30, сүүлчээр 50-60, 1990 оны эхээр 30 гаруй толгой байсан байна. Говийн хармагийн жимс, бажууны үндэс, навч, хулс, зээргэнэ, сухайн навчис зэрэг ургамлаар хооллодог ажээ. Мөн говь цөлийн шавьж хорхой, гүрвэл зэрэг жижиг амьтаны сэг зэргийг түүж иддэг. Хармагийн жимс нь намар исэн архи шиг болдог ба түүнийг идсэн мазаалай ууртай догшин болдог. Мазаалай баавгайн хүнс тэжээл ховордож одоо хэдхэн ширхэг мазаалaй баавгай дэлхий дээр үлдсэн байна. Мазаалайг 1953 онд агнахыг хориглосон боловч түүнээс хойш төдийлөн их өсөөгүй нь олон арван шалтгаантай. Мазаалай нь хармаг, зээргэнэ ховор гарсан жил, эсвэл ган болж ус ховордсон үед тэд турж үхдэгээс гадна орчин цагт, асар хүчтэй, өндөр хурдтай авто машин, нисдэг тэргээр санаатай санамсаргүй хөнөөх нь цөөнгүй тохиолдож байна.
Хавтгай Camelus bactrianus ferus
(Шинжлэх ухааны нэршил: Camelus ferus) нь Монголын Говь болон Шинжааны Такламаканы цөлд амьдардаг, нэгэн зүйл зэрлэг тэмээ. Энэ амьтныг хоёр бөхт тэмээний дээд өвөг гэж зарим судлаач үздэг. Саяхан болтол гэрийн тэмээ зэрлэгшиж хавтгай болсон гэх үзэл эрдэмтдийн дунд давамгайлж байсан хэдий ч сүүлийн үеийн митохондрын ДНХ-ийн судалгаагаар 1.9% ялгаатай гарсан нь тэднийг 0.7-1.5 сая жилийн өмнө, тэмээг гэршүүлэхээс эрт үед тусдаа зүйл болон салсныг гэрчилж байна. Ийнхүү хуучин хоёр бөхт тэмээний нэг дэд зүйл (Camelus bactrianus ferus) гэгдэж байснаа одоо тусдаа зүйлд тооцогдох болсон байна.
Тахь (Пржевальскийн адуу)
Монголын говь хээр, тал нутагт амьдардаг зэрлэг адуу юм. 1966 оноос хойш байгальд зэрлэгээр тааралдахаа больж, уугуул нутагтаа устсанд тооцогдож байсныг Нидерланд, Герман зэрэг улсын амьтны хүрээлэнгүүдээс буцааж авчран Хустайн нуруу, Тахийн тал, Хомын талд дахин нутагшуулан, үржүүлж байгаа юм. Нэгэн цагт гэршсэн байж байгаад эргэн зэрлэгшсэн Америкын Мустанг, Австралийн Брамбы нараас ялгаатай нь, тахь хэзээ ч хүний гарт гэршиж байгаагүй жинхэнэ онгон зэрлэг адуу юм.
Адуу буюу морины хромосом 64 байдаг бол Тахийн хромосом-66 байдаг байна. XIX зуунд Европд Тарпан устсанаар зэрлэг адууны нэг ч зүйл дэлхийд үлдсэнгүй гэж барууныхан бат итгэж байлаа. Гэтэл 1878 онд Төв Ази судлаач Н. М. Пржевальский Монголын говь цөлөөс нэгэн зүйл зэрлэг адууны арьс, гавлын яс авчирсныг Санкт Петербургийн Зоологийн музейн эрдэм шинжилгээний ажилтан И. С. Поляков судалж, үнэхээр зэрлэг адууны шинэ зүйл мөн болохыг тодорхойлоод Пржевальскийн адуу (Equus mongolskii Poliakov, 1881) хэмээн нэрлэж, дэлхий нийтэд зарлажээ.
Монгол хулан (Equus hemionus hemionus) хулангийн дэд зүйл.
Говийн хулан буюу Зиггетай (Equus hemionus luteus) хэмээх нэртэй ижил утга илтгэнэ. Монгол болон хойд Хятадад тархсан, ан авын улмаас устахаасаа өмнө Казахстанд хүртэл тархаж байсан.
20-р зууны дунд үе хүртэл манай орны Зүүн гарын, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор, Нууруудын хөндий, Баянхонгор, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймгийн урд талын цөлөрхөг хээр, зүүн тийш Буйр нуур хүртэлх нутагт хулан тархаж байсан талаар Улаан номд дурдсан байдаг. Одоо Зүүн гарын, Алтайн өвөр говь, Өмнөговь, Дорноговийн баруун хэсэг, Дундговийн урд хэсэгт л бий. Монгол хулангийн тархалт 1990-ээд онд эрс хумигдсан. 1994-1997 оны судалгаагаар өмнөд Монголын бүх нутгаар нийт 33000-63000 толгой хулан тархсаныг тооцоолсон. 2003 онд шинэ судалгаагаар өмнөд Монголын 177563 ам км нутагт 20000 толгой хулан байгааг тооцоолсон.[4] Монгол дахь хулангийн тоо толгойг тооцоолсон судалгааны дүнг хянуур авч үзэх хэрэгтэй. Учир нь Монголд судалгааны батлагдсан протокол байдаггүй. Гэсэн ч сүүлийн 70 жилд Монгол хулангийн тархалтын нутаг дэвсгэр 50%-иар багассан юм.
Нийт тархалтын 67 хувь нь Дорноговь, 20 хувь нь Өмнөговь, 13 хувь нь Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн нутагт байна гэж үздэг. Харин сүүлийн 2-3 жилд хулангийн нөөц, байршил эрс хомсдож байгаа юм. Худалдаж ашиг хонжоо олох зорилгоор хуланг агнах явдал нэмэгдсээр байна. 1953 оноос хойш Монголд хуланг дархан цаазтай амьтан болгосон. Хулан нь дэлхийд төдийгүй Монгол орны нэн ховор амьтны болон зэрлэг амьтан, ургамлын ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенц /CITES/-ийн нэгдүгээр хавсралтад бүртгэгдсэн агнахыг хуулиар хориглосон амьтан юм.